МЭДЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ
print
Орон сууцны нэг ам метрийн үнэ 650 мянган төгрөг байхад хангалттайг тогтоожээ
-Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдмаар байна. Яах вэ?
-Харин тийм ээ би ч гэсэн хамрагдмаар байнаа. Үүнд л хамрагдчихвал за тэгээд тэнгэрийн  умдагнаас атгалаа л гэсэн үг шүү дээ'' хэмээн
өөр зуураа ярих хоёр эмэгтэй.
Энэ бол гэрээс ажил руу ирэх замд автобусанд болсон яриа. Харин ажил дээр ирвэл мөн л нөгөө орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдмаар байна гэсэн хүсэлтэй ажлынхны маань яриа угтлаа. Үнэндээ өнөөдөр ийм яриа хаа сайгүй л яригдаж байна. Үнэхээр л Монгол Улсын Засгийн газар иргэдийн загтнасан газар нь маажаад авсан бололтой дог шүү. Хэдэн сарын өмнө нийслэлийн төдийгүй хөдөө орон нутагт халуун хүйтэн устай, паалантай бие засах газарт амьдрахыг хүссэн иргэд олон байгаа тухай бичтэл нэгэн томоохон эрх мэдэлтэй нэгэн нөхөр "Өнөөдөр хүмүүс таун хаус ярьж байхад юун орон сууц" хэмээн бухимдан хэлж байсныг санаж байна.

Гэтэл өнөөдөр үнэхээр манайд тэр эмэгтэйн хэлдэг шиг таун хауст амьдрахыг хүсэгчид олон байна уу харин цэвэр бохир усанд холбогдсон байранд амьдрахыг хүсэгчид олон байна уу гэдэг нь Засгийн газрын баталсан энэхүү хөтөлбөрөөс шууд харагдах мэт. Яахав бэлтэй нэг нь яриад байгаа таун хаустаа амьдарна л биз. Харин өнөөгийн Монгол Улсад амьдарч байгаа иргэдийн дийлэнх нь дундаж болон дунджаас доогуур амьдралтай иргэд байдаг учраас энэхүү хөтөлбөрийн хүрээнд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахыг хүсч нөгөө бүртгэл эхлэх гуравдугаар сарын 12-ны өдрийг тэсэн ядан хүлээж байна. Тэгээд ч өнөөдөр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хамгийн голлох үүргийг энэхүү зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл гол үүргийг нуруун дээрээ үүрэх бус уу. Тэгээд ч өнөөдөр нийслэл хотыг утаан мананд умбуулж ирээдүйд гарах үрсийнхээ амьдрах замыг богиносгож байгаа агаарын бохирдлоосоо салахын тулд гэр хорооллынхон бүгд л орон сууцанд орохыг хүсч, мөрөөдөж байна. Энэ бол бодит үнэн.

ОРОН СУУЦНЫ ҮНЭ НЭГ АМ МЕТР НЬ ЯГ ҮНЭНДЭЭ 850 МЯНГАН ТӨГРӨГ БАЙХАД ХАНГАЛТТАЙ
Ямар нэг саадыг давахад цаана нь бас нэг саад учирч л байдаг. Энэ бол бараг л жам юм дагуу даа. Үнэхээр Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн дотроос 100 мянган айлын орон сууц хөтөлбөр олны анхаарлын төвд байгаа юу гэвэл мэдээж байгаа. Гэтэл иргэдийнхээ орон сууцанд орох энэхүү чин хүсэл дээр нь дөрөөлөн орон сууцны үнэ хэрээс хэтэрчихжээ, арай л биш байна шүү. Өнөөдрийн байдлаар орон сууцны нэг ам метрийн үнэ нэг сая 380 мянгаас хоёр сая 400 мянган төгрөг байна. Түүнчлэн гурван өрөө байр түрээслэхэд нэг сарын 600 мянган төгрөг байна шүү дээ. Яг үнэндээ сүүлийн гурван жилд хийсэн судалгаагаар манай улсын орон сууцны үнэ нэг ам метр нь хамгийн дээд тал нь 850 мянган төгрөг харин хамгийн доод тал нь 650 мянган төгрөг байхад хангалттай юм байна гэсэн судалгааг дэлхийн судалгааны мэргэжилтнүүд гаргаад Монгол Улсын Засгийн газарт өгсөн байх юм.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын нөхдүүд хачирхалтай хариултыг тэдэнд өгчээ. Тодруулбал, зах зээлийн хуулиараа явагдаж байгаа болохоор хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд бид хөндлөнгөөс орох боломжгүй гэсэн хариултыг өгчээ. Тэгэхээр тэдний орон сууцны нэг ам метрийн үнэд хэн хяналт тавих вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Барилгын компаниуд нэг ам метрийн үнэ яагаад ийм үнэтэй байгаагаа тайлбарлахдаа "барилга барьж буй газраа өндөр үнээр худалдан авдаг учраас үнэ өндөр байхаас аргагүй" гэж байна. Түүнчлэн дэд бүтцийн асуудлаа өөрсдөө шийддэг учраас гэж байх юм. Тэгэхээр үүний цаана газрын далд наймаа яваад байгааг давхар батлаад өгч байгаа ч юм шиг.

Гэтэл өнөөдөр зууны бараг ная ерөн хувь нь хуучин дэд бүтэц дээрээ тулгуурлан бүр тодруулж хэлэх юм бол хуучны барилгуудын хажууд хаяа дэрлүүлэн бариад байгаа бус уу. Тэгэхээр тэд дэд бүтцийн асуудлаа өөрсдөө шийдэж байгаа гээд нэг ам метр талбайнхаа үнийг нэмэх хэрэг байхгүй байгаа биз. Яаж ч бодсон. Ийм атал тэд эрх дураараа тэнгэрт дүүлэхийн учир юун. Тиймээс төрийн хяналт тэдэнд хэрэгтэй байгааг харуулаад байгаа бус уу. Өнөөдөр өмнөд хөршийн Тяньжинд л гэхэд гурван өрөө байр 91 сая төгрөг байна. Харин дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотын нийслэл Токиод гэхэд гурван өрөө байр нийслэлийнхээ хамгийн төвийн дүүрэгт монгол мөнгөөр тооцоход 180 сая төгрөг байна. Гэтэл японы нэг ажилтны сарын цалин дунджаар 2000 ам доллар байдаг шүү дээ.

Ингээд бодохоор манай улсын орон сууцны нэг ам метр талбайн үнэ арай хэтийдсэн мэт. Гадны улс орны нөхдүүд ч манай орон сууцны үнэ сонирхлыг нь татдаг тухай яриа чих дэлсэж байна. Учир нь иргэдийнхээ амьдралаас хэт тасарсан үнэтэй учраас тэр гэнэ. Гэхдээ энэ салбарыг хариуцсан сайд хийгээд Монголын барилгачдын холбооны дарга орон сууцны үнэ хүссэн хүсээгүй буух тухай амлаж байгаа. Хэрхэхийг ёстой л цаг хугацаа харуулах биз ээ.

БАРИГДАЖ ДУУСААГҮЙ ОРОН СУУЦНУУД ХЭЗЭЭ АШИГЛАЛТАНД ОРОХ НЬ АНХААРАЛ ТАТАЖ БАЙХ ШИГ
Үнэхээр сүүлийн жилүүдэд орон сууцнууд ихээр баригдаж, ашиглалтанд орсон ч зарим нэг орон сууцны халаалт, бат бөх чанар, газар хөдлөлтөнд тэсвэрлэх үзүүлэлт, шугам сүлжээнүүд нь асуудалтай зүйл олон байгаа тухай яригддаг бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгддэг. Гэтэл зургаан хувийн хүүтэй 100 мянган айлын орон сууцны зээлд хамрагдах иргэд баригдаж дуусаагүй байгаа барилгад хөрөнгө оруулалт хийнэ. Нэг үгээр хэлбэл тэд авах орон сууцныхаа урьдчилгааг банкнаас зээлж тэдэнд өгнө гэсэн үг. Бас л эрсдэлтэй гэж үзэж байна. Тэгэхээр Засгийн газраас баталсан энэ хөтөлбөрийг яг өнөөдөр дэмжиж байгаа хүн олон ч хэрэгжтэл нь хүлээх хүн бас тийм ч цөөн биш байна.

Нөгөө талаар Монгол Улсын Засгийн газраас баталсан "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдах Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд эхний ээлжинд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг гаргасан. Гэтэл энэхүү жагсаалт дотор нь Маршал орон сууцны хороолол, Рапид харш орон сууцны хороолол гээд хэзээ ч дунд болон дундаас дээш амьдралтай хэр тааруу орлоготой нэгний авч чадахааргүй орон сууцнуудыг оруулсан байх юм.

Ёстой нөгөө тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг л юм болж. Гэхдээ аль бүрийг шүүн тунгаах билээ. Ямартай ч зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахаар хүсэгчдийн уртаас урт дараалал ОССК-ийн гадаа үүсч цэвэр бохир усанд холбогдсон барилгад орох хүмүүсийн хүсэл их бага хэмжээгээр биелэгдэх нь лавтай.

Б.Анар Эх сурвалж www.olloo.mn