МЭДЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ
print
ХӨГЖЛИЙН ТҮРЛЭГ КЛУБ

Төмөрт транс групп-ийн дэргэдэх

 

ХӨГЖЛИЙН ТҮРЛЭГ КЛУБ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Төмөрт транс” ХХК-ийн дэргэдэх “Хөгжлийн түрлэг” клубын гишүүд ажлын хамт олон дундаа “Хүүхэд хүүхдийнхээ төлөө” халуун сэтгэлийн хандивын аян зохион байгуулж СХД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг хүнд, хэцүү амьдралтай 0-14 насны хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, ном болон хүүхдийн тоглоом бэлэглэж баярлууллаа.

Бид СХД-ийн 4-р хорооны нийгмийн ажилтнуудтай холбогдож тухайн нутаг дэвсгэрт амьдардаг хэцүү амьдралтай айл өрхүүдээр очиж хүүхдүүдэд нь бэлэг өгсөн. Биднийг ажил хөдөлмөр эрхлэдэггүй, 3-4 бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд болон архины хамааралтай нялх балчир үрсээ хайрлаж хайхрахаа больсон айл өрхүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, нэг хашаанд 3-4 айл амьдардаг орчин нөхцөл хүнд хэцүү айл өрхүүд угтан авч байсан юм.

Монгол улс маань хичнээн өргөн уудам газар нутагтай билээ гэтэл үнэхээр монголчууд маань нийслэл хотдоо  амьдарлаа залгуулахаар зорин ирсэн ч амьдрах арга барилаа олохгүй байна уу даа гэлтэй амьдралд нухлагдан байх дунд нь гэгээлэг бяцхан үрс хайр халамж, баяр баяслыг мэдрэхгүй өсч байх шиг гунигтай санагдаж байсныг нуух юун. Тус хорооны нийгмийн ажилтан нь харин хорооны хэцүү хүнд амьдралтай айл өрхүүдэд ихээхэн санаа тавьж, нөхцөл байдлыг нь сайтар мэдэж байсан нь сайшаалтай санагдаж байсан бөгөөд бидэнтэй хамт айл өрхүүдээр явж байхдаа та бүхэн дахин ийм хандив тусламжийн арга хэмжээ зохиовол бидэнд хандаарай гэж дахин дахин хүсэлт  гаргаж байсан юм.

 Ирээдүй болсон бяцхан үрсэд гэрт нь очиж баяр баясал бэлэглэсэндээ манай хамт олон туйлын их баяртай байна.

Мөн бидний үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн ажлын хамт олон болон нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Төмөрт транс” групп, түүний удирдлагууддаа талархсан сэтгэлээ илэрхийлье.

Нэмэлт зүйл дурдхад “Төмөрт транс групп” нь нийгмийн сайн сайхны төлөө олон арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд жил бүрийн “Цагаан таягт”-ны өдрөөр хараагүйчүүдийн нийгэмлэгт эд материалын болон сэтгэл санааны тусламж үзүүлдэг тогтсон уламжлалтай. Ингээд зогсохгүй ахмадын баярыг тохиолдуулан БГД-ын 20-р хорооны ахмадуудад хандив тусламж үзүүлдэг гэх мэт олон олон арга хэмжээг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зохион байгуулдаг юм.